Цагааннуур чөлөөт бүсийн Захирагч Б.Нурбек, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.Хайратбек, мэргэжилтэн С. Онашыбай, Дотоодын цэргийн Штабын орлогч, Харуул, хамгаалалтын хэлтсийн дарга, Дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга Дэд хурандаа Ө.Танат нар Дотоодын цэргийн штабд уулзав.
Уулзалтаар Цагааннуур чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулгыг Цагааннуур чөлөөт бүсийн зүгээс хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, харуул хамгаалалтыг гүйцэтгэхэд дотоодын цэрэгтэй хэрхэн хамтран ажиллах талаар талууд санал солилцов.
Дотоодын цэргийн штаб, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын зүгээс төрөөс чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр баримтлаж буй бодлогыг дэмжиж бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, хүн хүчнийг нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллаж шаардлагатай туслалцаа дэмжлэгийг өөрсдийн зүгээс үзүүлж ажиллахаар болов.
Жич: Цагааннуур чөлөөт бүсийг Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор “ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ”-д оруулсан байдаг бөгөөд 2016 оны 6 дугаар сараас цагдаагийн тасаг байгуулж хамгаалах ажлыг эхэлсэн.
Цагааннуур чөлөөт бүс нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газартай Хамгаалалтын гэрээг жил бүрийн 1 дүгээр сард байгуулж, жилийн эцсээр дүгнэж ажилладаг болно.