Түүхэн замнал

Улсын Их Хурал 2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргасан бөгөөд тус баримт бичигт Монгол улсын баруун хязгаарт оршдог Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг Баруун бүсэд хамааруулсан байна.
Баруун бүсийг гадаад хамтын ажиллагаанд идэвхитэй оруулахын тулд Цагааннуур, Хандгайт, Арц суурь, Булган, Бургастайн чиглэлээр ОХУ, БНХАУ-ын худалдаа-эдийн засгийн сүлжээнд холбох зорилтыг үе шаттай хэрэгжүүлэх, цаашид Таванбогдын шилийн чиглэлээр улсын хөндлөн гол тэнхлэгийг /мянганы зам/ Дундад Ази Ойрхи Дорнодын орнуудтай холбох боломжийг судлах түүнчлэн эхний ээлжинд ОХУ-тай хил залгаа “Алтанбулаг” /Сэлэнгэ аймаг/ “Цагааннуур” /Баян-Өлгий аймаг/ БНХАУ-тай хил залгаа “Замын-Үүд” /Дорноговь аймаг/ боомтод түшиглэн худалдаа, гаалийн тусгай /чөлөөт/ бүсүүд байгуулж, олон улсын жишгийн дагуу уг бүсүүдийн хүрээнд дотоод, гадаадын худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай, хамтран ажиллах, бизнесийн орчныг бүрдүүлэх, зохих туршлага бүрдмэгц Монгол Улсын нутаг дэвсгэрийн гүнд тусгай /чөлөөт/ бүсийг зохистой төрөл чиглэлээр байгуулах ажлыг өргөжүүлэх зорилт тавьсан байна.

        Цагааннуур тосгонд хуучин тогтолцооны үед Баруун 5 аймгийг ЗХУ-ын импортын бүх төрлийн бараагаар хангаж тэдгээр аймгаас бэлтгэх мал болон малын гаралтай түүхий эдийг гадаадад экспортлох үүрэг бүхий дамжлага бааз байсан нь чөлөөт бүс байгуулах нэг шалгуур үндэслэл болсон байна.

Мөн “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулах зорилго нь бүсэд үзүүлэх хөнгөлөлтүүдэд тулгуурлан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулж олон улсын худалдаа, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэн ажилгүйдэл, ядуурлыг багасгаж улс орны хөгжилд тодорхой түлхэц үзүүлэх явдал юм.

“Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх талаар

УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тогтоол шийдвэрүүд:

Улсын Их Хурлын 1995 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоол “Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалын тухай”.

Улсын Их Хурлын 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 65-р тогтоол “Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”.

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Чөлөөт бүсийн тухай” Монгол улсын хууль.

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 58 дугаар тогтоол.

2003 онд “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль.

Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 134-р тогтоолоор “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг байгуулах тухай”.

УИХ-ын 2005 оны 74-р тогтоол “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг тогтоох болон бүсийг байгуулах тухай.

Монгол Улсын Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүгийн 2005 оны 07-р сарын 27-ны өдрийн 64 дүгээр тушаалаар Алтанцөгц-Ногооннуур-Цагааннуур чөлөөт бүсэд ЦДАШ, дэд өртөөний техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шийдвэр гарсан нь тус чөлөөт бүсийн дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэгдсэн анхны тоймтой арга хэмжээ болсон.

Бүсийн ажлыг газар дээр нь эхлүүлэх тухай Үйлдвэр, худалдааны сайдын 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр тушаал

2008 онд Засгийн газрын 227-р тогтоолоор тус бүс Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Цэрэг, дотоодын цэргийн хамгаалалтанд байх онц чухал обьектын жагсаалт”-д орсон ба бүсийн мэргэжлийн хяналтын албаны орон тоог баталсан.

2015 оны 02 дугаар сарын 12-ний өдөр “Чөлөөт бүсийн тухай” хуулийг шинэчлэн батласан.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 04-р сарын 06-ны өдрийн 126 дугаар тогтоолоор “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаар тогтоолоор бүсийн хамгаалалтын үүргийг Цагдаагийн байгууллага гүйцэтгэж байна.

Цагааннуур чөлөөт бүс

“Цагааннуур” ЧБ нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны 708.4 га талбайд байрлана. Уг тосгонд 1934 онд Цагааннуур дамжлага бааз байгуулагдаж 1990-ээд он хүртэл ЗСБНХУ-аас бөөний бараа, хүнсний бүтээгдэхүүн орж баруун 5 аймгийг хангадаг байсан уламжлалтай.

“Цагааннуур” ЧБ нь аймгийн төвөөс хойш 60 км, ОХУ-н хилээс урагш 28км, Улаанбаатар хотоос 1700 км, БНХАУ-ын хилээс 212 км, Казахстан улсын хилээс /ОХУ-аар дамжин/ 190 км, Ховд аймгийн төвөөс 260 км, Увс аймгийн төвөөс 224 км зайд, Евро-Азийг холбож буй АН-32, Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу оршдог.

Цагааннуур чөлөөт бүс нь Орос, Хятад, Казахстан 3 улсын хилд болон Дундад Ази, Европт хамгийн ойрхон орших Монголын баруун хязгаарын хилийн цэгийн хувьд байршлын давуу талтай.

Чөлөөт бүсийн байршил нь цаашдаа Зүүн Өмнөд Азийн орнуудыг Дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, улмаар бараа товарын томоохон урсгал буй болгох бүрэн боломжтой юм.

Манай улсын Баруун таван аймаг БНХАУ-ын ШУӨЗО, Хятадын Алтай аймаг, ОХУ-ын Алтайн хязгаарын хотууд: Барнаул, Биск, Новосибирск болон Алтайн БН улс, Тува, Хакастай худалдаа, эдийн засгийн уламжлалт харилцаатай явж ирсэн. Үүнийг цааш өргөтгөн хөгжүүлэхэд ЦЧБ-ийн газарзүйн таатай байршлыг ашиглах давуу талтай.

ЦЧБ-ээр дамжин Орос, Хятад хоёр хөршийг Монголын баруун хязгаараар холбох хамгийн дөт авто зам тавих боломжтой юм.

“Цагааннуур” чөлөөт бүс нь олон улсын худалдаа, тээврийн зангилаа төв, Монголын баруун бүс нутгийн эрчимтэй хөгжлийн нэг гарц мөн.

”Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил:

“Алтайн зам” ХК Өлгий-Цагааннуурын чиглэлд 70 км хатуу хучилттай зам барьж ашиглалтанд өгсөн.

2006 онд Бүсийн талбайн байрзүйн зураглал /1:1000/ масштабтай, бүсийн хашаа харуул хамгаалалтын байгууламжийн зураг төсөв хийгдсэн.

2007 онд Бүсийн ЦДАШ-ын 10кВт-ийн дэд станц барих зураг төсөв, бүсийн цэцэрлэгт хүрээлэнгийн услалтын системийн зураг төсөв, мах боловсруулах үйлдвэрийн зураг төсөв ТЭЗҮ, чөлөөт бүсийн талбайд инженер геологийн судалгаа хийгдсэн.

2008 онд бүсийн харуулын 5 шалган нэвтрүүлэх байртай  15.6 км урт хамгаалалтын хашаа баригдаж, мастер төлөвлөгөө, бүсийн байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, бүс доторхи эрчим хүчний сүлжээ татах, халаалтын зуух авч суурилуулах ажлууд тус тус хийгдсэн байна

2011 онд услалтын систем бүхий ногоон байгууламж барьж байгуулах, чөлөөт бүсийн хашаан дотор усан сан бүхий инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах, бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор, худалдаа-тээвэр логистикийн талбай, байр байгууламжуудын зураг төсөл боловсруулах ажлууд хийгдээд байна.

Эдгээр дэд бүтцийг байгуулахад улсын төсвөөс 2006-2009 онд хуваарилсан 1.2 тэрбум  төгрөгөөр дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна.

2015 онд бүсийн шалган нэвтрүүлэх байр, зочид буудлын барилгын их засварыг хийж ашиглалтад хүлээн авсан.

2017-2020 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд:

  “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас 2017-2020 онд дэд бүтцийн болон бусад шаардлагатай барилга байгууламжийн дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд:

“ЦАГААННУУР” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж Засгийн газраар батлуулах.

Дэд бүтцийн ажлуудыг эхлүүлэх. (улсын төсөв, гадаадын зээл тусламж, концесс г.м)

Чөлөөт бүсийн хилийн цэсийг Улсын Их Хурлаар оруулж шинэчлэн батлуулах.

Гаалийн хяналтыг нэвтрүүлэх.

Чөлөөт бүс дэх валютын урсгалын тусгай дэглэм бүхий төрөлжсөн банкны зохицуулалтын журмыг гаргах. /Монгол банк/

Чөлөөт бүс дэх ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМ-н зохицуулалтын журмыг гаргах /Хууль зүйн яам/

Чөлөөт бүсээр дамжих транзит тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх талаар нэгдсэн зураглал гаргаж тус үйлчилгээг бодлогоор дэмжих. АH-4 чиглэлийн авто замыг түшиглэн.

Худалдаа, тээвэр ложистикийн төв байгуулах.

Байгалийн хий боловсруулах, хуванцар эдлэл үйлдвэрлэл, хуванцар эдлэлийн түүхий эд полиэтилений үйлдвэрлэл.

Нефтийн түүхий эд импортлон боловсруулах үйлдвэр байгуулах.

Мах боловсруулах үйлдвэр, мах хадгалах зоорь, консерв үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр барих.

ОХУ-аас мод импортлох улмаар БНХАУ-д экспортлох, мод боловсруулж дотоодын хэрэглэгчдийг гэр ахуй, албан тасалгааны модон эдлэлээр хангах жижиг дунд үйлдвэр байгуулах.

Тосгоны ойролцоох барилгын материалын түүхий эд, орд газруудыг түшиглэн барилгын материалын (чулуу, газо, пено блок, тоосго зэрэг) жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх.

Чөлөөт бүсийн ойролцоох нууранд загасны аж ахуйг хөгжүүлэх.

Чөлөөт бүсийн ойролцоох нуурыг түшиглэн амралт, жуулчны баазыг байгуулах.

Тус бүс нь Алтайн өндөр уулын аялал жуулчлалын цагираг дээр оршиж буй тул аялал жуулчлал хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах эхлэл тавих. (Зочид буудал, тур оператор, жуулчдад зориулсан үзвэрийн танхим)