МЭНДЧИЛГЭЭ


                           МЭНДЧИЛГЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг төрийн болон хөрөнгө оруулагч хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.

Улиран одож буй 2024 ондоо Цагааннуур чөлөөт бүсийн хувьд томоохон амжилтуудыг гаргасан онцгой жил байлаа. Олон жил гацаад байсан Цагааннуур чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Инженер геодези” ХХК-тай хамтран шинэчлэн боловсруулан 3 шатны хурлаар амжилттай хэлэлцүүлэн магадлалд оруулан дуусгав.

Эхний ээлжийн инженерийн хангамжийн зураг төслийг Эдийн засаг, хөгжлийн яам, “Хайдродизайн прожект” ХХК-тай хамтран боловсруулан дуусгаж 2025 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэх суурь үндсийг тавьсан, Мөн гаалийн теле хяналтын нэгдсэн (Genetic Security Center) системийг бүсэд нэвтрүүлж иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч нарт төрийн үйлчилгээ тэр дундаа гаалийн үйлчилгээг саадгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг урьд өмнө хийгдээгүй олон арван ажлыг хийж гүйцэтгэлээ.

Эдгээр ажлуудын үр дүнд 19 жилийн дараа 3 аж ахуй нэгж, байгууллага чөлөөт бүсэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж  худалдааны чиглэлээр  үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсэн байна.

Ирж буй 2025 ондоо иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг хөгжүүлэх тэр дундаа суурь дэд бүтцийг барьж байгуулах, түүний хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх томоохон ажлууд хүлээгдэж байна.

Энэ их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг орон нутгийн засаг захиргаа, хөрөнгө оруулагчид болон ард иргэддээ уриалж байна.

Та бүхэн шинэ ондоо, шинэ ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.

 

ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ Б.НУРБЕК
2024 оны 12 дугаар сарын 31

 

 

You May Also Like