Түүхэн замнал

“Цагааннуур” ЧБ нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны 708.4 га талбайд байрлана. Уг тосгонд 1934 онд Цагааннуур дамжлага бааз байгуулагдаж, 1990-ээд он хүртэл ЗСБНХУ-аас бөөний бараа, хүнсний бүтээгдэхүүн орж баруун 5 аймгийг хангадаг байсан уламжлалтай.“Цагааннуур” ЧБ нь аймгийн төвөөс хойш 60 км, ОХУ-н хилээс урагш 28км, Улаанбаатар хотоос 1700 км, БНХАУ-ын хилээс 212 км, Казахстан улсын хилээс /ОХУ-аар дамжин/ 190 км, Ховд аймгийн төвөөс 260 км, Увс аймгийн төвөөс 224 км зайд, Евро-Азийг холбож буй АН-32, Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу оршдог.Цагааннуур чөлөөт бүс нь Орос, Хятад, Казахстан 3 улсын хилд болон Дундад Ази, Европт хамгийн ойрхон орших Монголын баруун хязгаарын хилийн цэгийн хувьд байршлын давуу талтай.Чөлөөт бүсийн байршил нь цаашдаа Зүүн Өмнөд Азийн орнуудыг Дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, улмаар бараа товарын томоохон урсгал буй болгох бүрэн боломжтой юм.Манай улсын Баруун таван аймаг БНХАУ-ын ШУӨЗО, Хятадын Алтай аймаг, ОХУ-ын Алтайн хязгаарын хотууд: Барнаул, Биск, Новосибирск болон Алтайн БН улс, Тува, Хакастай худалдаа, эдийн засгийн уламжлалт харилцаатай явж ирсэн. Үүнийг цааш өргөтгөн хөгжүүлэхэд ЦЧБ-ийн газарзүйн таатай байршлыг ашиглах давуу талтай. ЦЧБ-ээр дамжин Орос, Хятад хоёр хөршийг Монголын баруун хязгаараар холбох хамгийн дөт авто зам тавих боломжтой юм.“Цагааннуур” чөлөөт бүс нь олон улсын худалдаа, тээврийн зангилаа төв, Монголын баруун бүс нутгийн эрчимтэй хөгжлийн нэг гарц мөн.”Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил:“Алтайн зам” ХК Өлгий-Цагааннуурын чиглэлд 70 км хатуу хучилттай зам барьж ашиглалтанд өгсөн. 2006 онд Бүсийн талбайн байрзүйн зураглал /1:1000/ масштабтай, бүсийн хашаа харуул хамгаалалтын байгууламжийн зураг төсөв хийгдсэн. 2007 онд Бүсийн ЦДАШ-ын 10кВт-ийн дэд станц барих зураг төсөв, бүсийн цэцэрлэгт хүрээлэнгийн услалтын системийн зураг төсөв, мах боловсруулах үйлдвэрийн зураг төсөв ТЭЗҮ, чөлөөт бүсийн талбайд инженер геологийн судалгаа хийгдсэн. 2008 онд бүсийн харуулын 5 шалган нэвтрүүлэх байртай  15.6 км урт хамгаалалтын хашаа баригдаж, мастер төлөвлөгөө, бүсийн байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, бүс доторхи эрчим хүчний сүлжээ татах, халаалтын зуух авч суурилуулах ажлууд тус тус хийгдсэн байна. 2011 онд услалтын систем бүхий ногоон байгууламж барьж байгуулах, чөлөөт бүсийн хашаан дотор усан сан бүхий инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах, бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор, худалдаа-тээвэр логистикийн талбай, байр байгууламжуудын зураг төсөл боловсруулах ажлууд хийгдээд байна. Эдгээр дэд бүтцийг байгуулахад улсын төсвөөс 2006-2009 онд хуваарилсан 1.2 тэрбум  төгрөгөөр дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна. 2015 онд бүсийн шалган нэвтрүүлэх байр, зочид буудлын барилгын их засварыг хийж ашиглалтад хүлээн авсан.