ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙГ БАЙНГЫН АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ АЖИЛЛАА
Засгийн газрын “Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэх тухай” 2022 оны 412 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Захирагчийн ажлын алба чөлөөт бүсийн үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн удирдлагууд, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төв зэрэг төрийн үйлчилгээг бүсэд хэрэгжүүлэх байгууллагуудын удирдлагын хамт 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Цагааннуур чөлөөт бүсэд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах явцдаа дараах асуудлуудыг чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах ажлын хүрээнд шийдвэрлэж өгөхөөр болов. Үүнд:
1.Цагааннуур тосгонд байрлах цэцэрлэгийн хуучин байрыг Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны өмчид шилжүүлэх,
2.Чөлөөт бүсийн гаалийн хяналтыг хэрэгжүүлэх талбайн хяналтын камеруудыг иж бүрэн шинэчлэх,
3. Аймгийн цагдаагийн газрын зүгээс харуул хамгаалалтын 4 постыг шинээр байрлуулах,
4.Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд үйл ажиллагаа явуулах 2 албан өрөөг аймгийн төв Өлгий суманд гаргаж өгөх,
5.Цагааннуур чөлөөт бүсийн орц, гарцыг AH-4 авто замтай холбох зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн санхүүжилтээр зохион байгуулах,
6.Аймгийн Засаг даргын Тамгын газраас Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай хамтран 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр орон нутгийн бизнес эрхлэгчидтэй Цагааннуур чөлөөт бүсийг нээж байгаатай холбогдуулан бизнес уулзалтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тохиролцлоо.